Аж үйлдвэржилтийн эрин үеэс хойш хуванцарын хэрэглээ огцом өсч, түүнээс үүсэх хуванцар хаягдлын бохирдол нь өнөөдөр бидний өмнө тулгарч буй байгаль орчны хамгийн ноцтой шийдвэрлэх асуудлын нэг болжээ. Бид энэ асуудалд өөрийн мэдэлгүй хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд хуванцараас үүдэлтэй бохирдлыг бууруулах, зогсоохын төлөө хичээх ёстой байна .
Юуны өмнө та хэдхэн минут зарцуулаад энэхүү тооцоолуурын тусламжтай 1 жилийн хугацаанд хэр их хуванцар хэрэглэж байгаагаа мэдээд авах хэрэгтэй. Гарсан үр дүнд дүгнэлт хийж өөртөө амлалт өгснөөр хог үүсгэдэг дадал зуршлаасаа татгалзаж, хуванцарын ул мөрөө багасгахыг бид танд уриалж байна.
Бид гялгар уут, нэг удаагийн аяга, соруул, хуванцар савлагаагүйгээр амьдарч чадна! Хэрэв та ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ ногооноор нь үлдээх эсэхэд санаа зовдог бол энгийн жижигхээн зүйлээс эхлээрэй. Танд амжилт хүсье!
Хуванцараас татгалзах амлалт нь дэлхий хэрхэн өөрчлөгдөж буйд ээлтэйгээр хөл нийлүүлэн хэрэглээгээ нийцүүлэх боломж олгож байгаагаас гадна дараах давуу талуудыг бий болгоно:
1. Хогны хэмжээ буурч хогийн цэгээс шалтгаалан бий болох агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлнэ.
2. Агаар мандалд дэгдэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
3. Эрчим хүч байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэнэ.
4. Олон төрлийн өвчнөөс сэргийлнэ.
5. Дахин боловсруулах салбарт олон шинэ ажлын байрыг бий болгоно.
6. Гүний ус хөрсөнд нэвчих бохирдлоос сэргийлнэ.
7. Урт хугацааны санхүүгийн үр өгөөжийг бий болгоно.
8. Инноваци, технологийн дэвшлийг хурдасгана.
9. Нүүдэлчдийн соёлоо хадгалан сэргээж, үр хойчдоо өвлүүлэн уламжилна.
10. Өөрийн ба өрхийн экологийн ул мөрийг бууруулна.
Зураг 1. Амлалт өгөхийн ач холбогдол, 2022
5R алхам нь амьдарч буй байгаль орчныхоо талаар үнэхээр санаа тавьдаг хүмүүст зориулсан дүрэм юм. 5R алхмыг худалдан авалт, хэрэглээндээ нэвтрүүлэх нь хог хаягдлын хэмжээг бууруулж, нөөц хэмнэх маш чухал үйлдэл болдог.
1. Татгалзах (Refuse)
Нэг удаагийн аяга, гялгар уут гэх мэт өдөр тутамдаа хэрэглэдэг маш олон зүйлээс бид татгалзах боломжтой байдаг. Худалдаж авах, бусдын санал болгосон, бэлэглэсэн зэрэг өөрт хэрэгцээгүй зүйлсээс зайлсхийх нь нөөц хэмнэх эхний чухал үйлдэл юм. Тухайлбал кофены аяга, соруул, гялгар уут, нэг удаагийн халбага сэрээ, цай кофе хутгагч гэх мэт бүх төрлийн нэг удаагийн хуванцараас татгалзаж сурцгаая. Эдгээр нь нэг секунд эсвэл минутын турш ашиглагдаж болох ч хэдэн зуун жилээр наслах болно.
2. Багасгах (Reduce)
Хэрэв татгалзах боломжгүй бол түүнийг багасгаж сурснаар үүсэх хог хаягдал хэд дахин буурах боломжтой. Аль болох хуванцар хог хаягдал багатай, савлагаа багатай бүтээгдэхүүнийг сонгох: хуванцар савлагаатай бүтээгдэхүүний оронд цаасаар боосон бүтээгдэхүүн сонгох, биологийн аргаар шимэгддэг савлагаатайг худалдаж авах гэх мэт.
Зураг 2. Олон удаагийн эдэлгээтэй хэрэглүүрүүдээр орлуулж хэвших
3. Дахин ашиглах (Reuse)
Шинээр бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас илүү өөрт байгаа зүйлсээ дахин ашиглах нь тогтвортой байдлыг хэрэгжүүлэх бас нэгэн арга юм. Олон дахин ашиглах бат бөх эдэлгээ бүхий чанартай зүйлсийг худалдан авах нь хогны хэмжээг эрс бууруулах боломжтой. Бүтээгдэхүүн худалдаж авахдаа нэг удаагийн бус харин дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн авах тал дээр анхаарлаа хандуулаарай. Мөн дараах аргуудыг анхааралдаа аваарай:
● Нэг удаагийн хуванцар, цаасан аяга, ус ундааны савны хаягдал гархаас сэргийлж өөрийн аягаа биедээ авч явж дадах. Аяга тагшаа авч явдаг нүүдэлчдийн уламжлалаа сэргээгээрэй.
● Цаасан амны алчуурын оронд гарын алчуурууд/нусны алчуурууд хэрэглэж бөөнд нь угааж цэвэрлэх
● Хэрэгцээгүй болсон тавилга, хувцас, тоглоом гэх мэт эд зүйлсийг аль болох хог болохоос нь сэргийлдэг байх. Хэрэгтэй хүнд нь худалдах аль эсвэл хандивлах.
Зураг 3. Засаж сэлбэх, сэргээн ашиглах
4. Засаж сэлбэх, сэргээн ашиглах (Repurpose)
Сэргээн ашиглах нь тогтвортой байдлын 5R -ийн өөр нэгэн арга юм. Та ямар нэг зүйлийг өөр зориулалтаар дахин ашиглаж болно. Боломжоор нь засч янзлах, сэргээн засварлах, өөр зорилгоор хэрэглэж хоёр дахь хэрэглээг бий болгох боломжтой. Хогийн саванд хаядаг зүйлүүддээ бүтээлчээр хандахад л аливаа хаягдлыг тогтвортой байдлаар сэргээн ашиглахад тустай байх болно.
5. Дахин боловсруулах (Recycle)
Хэрэв дээрх алхамуудыг хэрэгжүүлэх боломжгүй бол хог болохоос сэргийлэх эцсийн арга буюу дахин боловсруулах аргыг хэрэгжүүлнэ. Энэ нь тойрог эдийн засгийг дэмжих буюу хог хаягдлаа ангилан ялгахыг хэлнэ. Бохир хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болгохын тулд савантай саарал усаар зайлж цэвэрлээрэй.
Зураг 4. Дахин боловсруулах тойрог загварчлал
Эх сурвалж: Судлаачийн боловсруулснаар
R алхамууд нь хэрэглэгчээсээ хамаараад хэд ч байж болох ба та өөрийн сонголтоор Rot/Бордоо болгох эсвэл Remove/Устгах зэрэг алхамуудаас нэмж 6R ба түүнээс дээш болгон хэрэгжүүлээд явах ч боломжтой .